*
Улаан тайга
Хөвсгөлийн бүсийн баруун захад Хөг,
Бүсийн голын сав дагуух өндөр уулс юм. Эндэхийн ян сарьдаг бүхий өндөр уул
нуруудад эртний тэгшрэлтийн гадарга, мөстлөгийн гаралтай нуур элбэг байдаг.
Жинхэнэ уулын тайгын бүслүүр тархсанаараа онцлог. Энд уртрагийн дагуу сунаж
тогтсон Дээд, Дунд, Доод, Ногоон тайга хэмээх ян сарьдаг бүхий өндөр сүрлэг
нуруунууд оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн.
Улаан тайгын нуруу нь Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад арай тэгшивтэр
оройтой бөгөөд Хөвсгөлийн өндөр уулсын нэгэн адил өндөр уулын, уулын нугын,
уулын тайгын босоо бүслүүр тод илэрдэг. Улаан тайгын нуруунд мөсөөр хучигдсан
газрууд байсан учраас мөстлөгийн гаралтай жижиг нуурууд элбэг тархсан байна.
Эдгээрээс Дэлгэр мөрөн, Хөг, Гунай, Бүсийн гол гэх мэт томоохон голууд эх аван
урсдаг. Голын хөндий дагуу, нуурын эрэг орчмоор нилээд намагжсан байдаг. Энэ
нутагт зэрлэг цаа, хандгай, халиу, суусар зэрэг амьтад бий.
*
Тужийн нарс
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ
аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг
хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га
талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн
ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их
тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог. Тужийн
нарс нь тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой бөгөөд эгэл нарс зонхилон
ургана. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ
мэдрэгдэхгүй байсан гэгддэг энэ нарсан ой устаж мөхөхийн ирмэгт ирсэн нь саяхан
билээ. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн
сэргээх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд
авсан. Тужийн нарс байгалийн цогцолбор газрын
нутаг нь Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод
бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам
хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархсан байдаг.
*
Орхоны хөндий
Орхоны хөндий нь археологийн болон
түүх соёлын олдвороор нэн баялаг бөгөөд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар
балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд зэрэг түүх
соёлын дурсгалт газрууд оршиж байдаг. Ийнхүү олон зуун жилийн турш Азийн соёлын
ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр
оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос "дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг
зэрэглэлээр Орхоны хөндийд буй Эрдэнэзуу хийд, Хархорум хотын туурь, Төвхөн
хийд зэргийг 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай
хамгаалалтанд орсон билээ. Орхоны хөндийн түүх соёлын өвүүд нь Орхон голоо
даган байрлаж байдаг. Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн байгаль орчныг
онгон төрхөөр нь хамгаалах, тус бүс нутагт эдийн засгийн үйл ажиллагааг
зохицуулах, газарзүйн онцлогт нь тохируулан шинэ дэд бүтэцийг хөгжүүлэх зорилгоор
Байгаль орчны сайдын тушаалаар 2006 онд хамгаалалтын захиргааг байгуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байршуулжээ. Энэхүү хамгаалалтын захиргаа нь Орхоны хөндий
орчмын нутаг, Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна. Гадаргын хувьд Орхон Сэлэнгийн сав газрын бэсрэг уулс,
Орхон голын өргөн хөндий гэсэн хоёр хэсгээс тогтоно. Нутгийн гадаргын зонхилох
хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүний
цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд
эзэлнэ. Уулсын хувьд 2377 метр өндөр Хутаг уул, 2312 метр өндөр Өндөр овоот,
2227 метр өндөр Шивээт улаан, 1863 метр өндөр Их бэрх, 1646 метр өндөр Их арцат
уулс оршдог. Орхон голын сав дагуу Хангайн нурууны зүүн урд үзүүрийн өндөр
уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндийн нуга, хуурай хээр гэсэн
байгалийн олон янзын төрх байдал хосолсон байдаг.
*
Мөнххайрхан уул
Төв Азийн цөлийн нөлөөнд орших
хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр
уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их
нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр
хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн
горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26
дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Хамгаалалтын захиргаа
нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг. Мөнххайрхан уул, түүний орчмын
газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын
хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн
урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362
метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил
болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино. Монгол
Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан
уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас
бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц
хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч
зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.
*
Горхи тэрэлжУлаанбаатараас
зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо
өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи,
Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь
далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн
бөмбөгөр оройтой, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх
авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм. Хурдасын хувьд боржин, шүлтлэг боржин,
цахиурлаг занар, хас, нүүрчтөрөгчит шаварлаг занар, элсэн чулуу зэргээс тогтдог.
Хар хүрэн, хүрэн хөрс, ойн саарал хөрс тус тус тархжээ. Голын хөндийгөөр нам
газрын бараан хөрс зонхилно. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн
хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс
бүхий байгал эхийн урласан бүтээлүүд бий. Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам
болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Энэ бүс нутгийн хойд
захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл
Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны
түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн
түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс
олдсон олдворууд юм. Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал
жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна
хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд
байрладаг.
*
Говь гурван сайханӨмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг, говь цөлийн
бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц,
үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд
авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн
гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулахаар
1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай,
Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан,
Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын
элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Гурвансайхны нуруу нь цувран
үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул
юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр,
Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд
тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос
хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг
хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших
бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн
тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун
хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын
устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг
бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно.
*
Ээж хайрханЭэж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс
хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад
чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай
оршино. Д.т.д 2277 м өндөр бөгөөд 1992
оноос тусгай хамгаалалтанд авчээ.
Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 м хүрдэг. Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарга тохижуулсан ламын агуй юм. Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ.
*
*
Хөргийн хөндий
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км
зайд, зүүн талаасаа огт мэдэгдэхгүй уудам тал гэнэт доош цөмрөх мэт эгц буусан
байдаг. 40-өөд метр өндөр, 1 км урт хадан хясаагаар хязгаарлагддаг өвөрмөц
газар юм. Хадан хясааны эгц энгэр дээр "Ан амьтныг энд олноор нь шахаж хороосон
хүн өөдлөхгүй” гэсэн харууслын бичиг байдаг байсан гэж нутгийн ардууд ярилцдаг
байна. Ийм ч учраас "Бичигтийн шахаа” гэж нэрлэжээ. Бичигтийн шахааны баруун
доогуур урдаасаа хойш чиглэсэн их хөндийг "Хөргийн хөндий” гэдэг. Энд долоон
хүн чулуу бий. Эрт үед энэ нутагт эмэгтэйчүүдийг дур сэтгэлгүй эрчүүдэд барьж
богтлох ёс дагнан ноёрхож байжээ. Хайр сэтгэлдээ үнэнч, зоригтой шийдэмгий
бүсгүйчүүд энэхүү Бичигтийн шахааны хадан хясаан дээрээс нисч амь насаа
егүүтгэж байсан гунигт явдлыг мөнхлөн хүн чулуу босгосон гэсэн домогтой ажээ.
Нутгийн ардууд энэ хөндийг уг хүн чулуунуудаар нь онцлон Хөргийн хөндий хэмээн
нэрлэсэн байна. Хөргийн хөндийн хүн чулуунуудын хамгийн нийтлэг зүйл нь бүгд
ямар нэгэн юм сандайлан суусан байдалтайгаар дүрслэгдсэн бөгөөд энэ нь Түрэгийн
хүн чулуунуудаас ялгарна. Мөн ихэнхийг малгай гуталтайгаар дүрсэлсэн атал
биеийг нь хувцасгүй нүцгэн, цээжинд нь товгор хөх гаргаж, доод хэсэгт нь эр
хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал юм. Энэхүү байгаль түүхийн үнэт дурсгалыг
хамгаалах зорилгоор УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор улсын тусгай
хамгаалалтанд авчээ.
*
Уран тогоо - Тулга уул
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун
тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт
уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын
тусгай хамгаалалтанд авчээ. Д.т.д 1686 м
өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м
юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд
нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.
Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог
бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган
жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн
хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг
гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван
чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540
метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд
хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо
шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн
амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр
уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ.
*
Зүлгээр уралсан зурагнуудАмьд урлагийн бүтээлүүдийн талаар та сонссон уу? Heather Ackroyd болон Dan Harvey нар маш их хөдөлмөр судалгааны үр дүнд гадна талд ургадаг өвсийг нарны тусгалыг ашиглан зураг мэт ургуулж чадсан юм. Гэхдээ энэхүү уран бүтээлүүд тун бага настай юм. Учир нь зурагны үзэмжийг хэвээр нь үлдээхийн тулд бараг услахгүй бас хэт гэрэлд тавидаггүй учир амьд ургамлууд тогтсон хугацаанд л гайхлатай хэвээрээ байж чадах юм.
*
Давс Элс болон байгалийн бүтээлүүдЯмар нэгэн урлагийн бүтээлийг хийхэд авьяас байхаас гадна хөдөлмөр мөн мэдрэмж байх хэрэгтэй . Бас түүнээс гадна бусдаас илүүг сэтгэх хэрэгтэй байдаг . Газар дээр шороогоор ойд навчаар эрэг дээр чулуугаар чулуун дээр навчаар зэрэг үзэгслэнт байгалийг урлагийн бүтээл болгож чаджээ . Мөн үүгээр ч зогсохгүй давсаар гайхалтай бүтээлүүдийг хаж болно .
|
Бидний тухай [1] |
Шагнал [0] |
Тайлан [1] |
Үйл ажиллгаа [0] |
Монгол орны үзэсгэлэнт байгал [1] |
EBook [0] |
Дархан цаазат газрууд [11] |
Байгалын цогцолбор газрууд [12] |
Байгалын нөөц газрууд [0] |
Дурсгалт газрууд [8] |
Хил дамнасан тусгай хамгаалалттай газрууд [0] |
Дэлхийн өвд орсон газрууд [0] |
Фото мэдээ [2] |
« 11-р сар 2012 » | ||||||
Ня | Да | МЯ | ЛХ | Пүр | Ба | Бя |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |