Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд бий.
Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казакстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж иржээ. Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Залаа уул, Магнай уул, Баяндаваа орчмын Их онгог зэрэг газруудад дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох "залаархаг хавраг буюу чийр” ургадаг. Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъяанмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Голуудын татам дагуу шинэс, улаан хус, улиас, бургас, заган ой, харгана, чацаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг.
Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд, казакууд оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой.