170 000 га талбайг нь ой мод эзэлдэг. Шинэс зонхилон ургах бөгөөд нутгийн зүүн хэсгээр хуш модтой. Сибирь хундага, ягаан цээнэ, эмийн бамбай, алтанзул зэрэг ховор ургамал ургадаг. Эгц хавцал бүхий газраар намхан бутлаг ургамал ургана. Буга, бор гөрөөс, шилүүс, хүдэр, аргаль янгир, чандага, үнэг, тарвага зурам, үхэр огдой, жирх тааралдана. Хур сойр, ятуу, адууч чогчоохой, гангар хун, хээрийн галуу, хилэн омруут ахууна зэрэг олон зүйлийн ховор шувуудтай.
Сийлхэмийн нурууны зүүн төгсгөлд Асгат орчмын багахан газарт шинэсэн ойтой. Хээрийн ургамал зонхилохоос гадна вансэмбэрүү, алтан хундага, зэрлэг сармис, уулын сонгино гэх мэт эмийн ургамал элбэг ургадаг. Дархан цаазтай аргаль угалз, янгир, цоохор ирвэс зэрэг амьтадаас гадна шар нохой шиг том тарвагатай учир "шар нохойт” гэж нэрлэгдсэн газар ч бий. Зарим үед хилийн цаанаас буга, зээр, баавгай хүртэл орж ирдэг байна. Нуур ус ихтэй болохоор усны шувууд, бүргэд, идлэг шонхор, ятуу хөтүү зэрэг шувууд цуглана.
Сийлхэмийн нуруу нь эртний түүх соёлын дурсгалаар баялаг юм. МЭӨ III-II зуунд хамаарах 250 гаруй олдвор бүртгэгдсэн байна.
Монгол орны Улаан номд орсон дагуур шинэс, Крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байна. Монгол орны нарсан ой, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус, чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах, хуваарилах ач холбогдолтой юм. Ой тайгын ховор амьтадаас гадна дархан цаазат шувуу болох цэн тогоруу, хар тогоруу, тоодог гэх мэт шувууны олон зүйл байдаг. Онон гол түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг. Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар мөрний хилим загас нь дархан цаазтай. Бараан хандгай, баданга хүдэр, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, нохой зээх, шилүүс, бараан хэрэм, улаан ойсог, чандага туулай, умрын сарсаахай гэх мэт амьтад бий. Мөн дорнод Азийн олон зүйл амьтан байдаг онцлогтой. Тухайлбал, дагуур номин, дагуур зараа, дагуур зурам, нохой илбэнх, бор харх, ширгийн оготно гэх мэт.
Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь түүх соёлын дурсгалаар баялаг бөгөөд ялангуяа эзэн богд Чингис хааны түүхтэй холбоотой газрууд нилээд бий.
Вансэмбэрүү, бэрээмэг, өлчир дэгд, эрээн гомбо, цагаан түрүү, алтан гагнуур, арц, даль зэрэг эмийн ургамал элбэг байхын зэрэгцээ тошлой, нэрс, үхрийн нүд, нохойн хошуу, зэрлэг сонгиноор баялаг. Ууланд хуш бүхий шинэсэн ой голлон тархана. Зэрлэг гахай, халиун буга, бор гөрөөс байхаас гадна хааяа аргаль угалз, янгир, ёл, хойлог тааралддаг байна.
Алтайн сонгино, ягаан мүгэз, вансэмбэрүү зэрэг ховор ургамал, хөмүүл, тошлой, мөөг, хар хад зэрэг цайны ургамал, зээргэнэ, эмгээлж, ягаан башига, сибир гандага, барагшун зэрэг эмийн ургамалтай. Монгол лусын Улаан номонд орсон хонин арц, тэмээн харгана бий. Мянган угалзатын нуруунд ирвэс, алтайн аргаль, нохой зээх, буга, янгир, Алтайн хойлог зэрэг дэлхийд ховордсон амьтан, жигүүртэн бий.