Сийлхэмийн нурууны зүүн төгсгөлд Асгат орчмын багахан газарт шинэсэн ойтой. Хээрийн ургамал зонхилохоос гадна вансэмбэрүү, алтан хундага, зэрлэг сармис, уулын сонгино гэх мэт эмийн ургамал элбэг ургадаг. Дархан цаазтай аргаль угалз, янгир, цоохор ирвэс зэрэг амьтадаас гадна шар нохой шиг том тарвагатай учир "шар нохойт” гэж нэрлэгдсэн газар ч бий. Зарим үед хилийн цаанаас буга, зээр, баавгай хүртэл орж ирдэг байна. Нуур ус ихтэй болохоор усны шувууд, бүргэд, идлэг шонхор, ятуу хөтүү зэрэг шувууд цуглана.
Сийлхэмийн нуруу нь эртний түүх соёлын дурсгалаар баялаг юм. МЭӨ III-II зуунд хамаарах 250 гаруй олдвор бүртгэгдсэн байна.