Монгол орны Улаан номд орсон дагуур шинэс, Крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байна. Монгол орны нарсан ой, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус, чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах, хуваарилах ач холбогдолтой юм. Ой тайгын ховор амьтадаас гадна дархан цаазат шувуу болох цэн тогоруу, хар тогоруу, тоодог гэх мэт шувууны олон зүйл байдаг. Онон гол түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг. Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар мөрний хилим загас нь дархан цаазтай. Бараан хандгай, баданга хүдэр, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, нохой зээх, шилүүс, бараан хэрэм, улаан ойсог, чандага туулай, умрын сарсаахай гэх мэт амьтад бий. Мөн дорнод Азийн олон зүйл амьтан байдаг онцлогтой. Тухайлбал, дагуур номин, дагуур зараа, дагуур зурам, нохой илбэнх, бор харх, ширгийн оготно гэх мэт.
Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь түүх соёлын дурсгалаар баялаг бөгөөд ялангуяа эзэн богд Чингис хааны түүхтэй холбоотой газрууд нилээд бий.