*
Улаан тайга
Хөвсгөлийн бүсийн баруун захад Хөг,
Бүсийн голын сав дагуух өндөр уулс юм. Эндэхийн ян сарьдаг бүхий өндөр уул
нуруудад эртний тэгшрэлтийн гадарга, мөстлөгийн гаралтай нуур элбэг байдаг.
Жинхэнэ уулын тайгын бүслүүр тархсанаараа онцлог. Энд уртрагийн дагуу сунаж
тогтсон Дээд, Дунд, Доод, Ногоон тайга хэмээх ян сарьдаг бүхий өндөр сүрлэг
нуруунууд оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн.
Улаан тайгын нуруу нь Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад арай тэгшивтэр
оройтой бөгөөд Хөвсгөлийн өндөр уулсын нэгэн адил өндөр уулын, уулын нугын,
уулын тайгын босоо бүслүүр тод илэрдэг. Улаан тайгын нуруунд мөсөөр хучигдсан
газрууд байсан учраас мөстлөгийн гаралтай жижиг нуурууд элбэг тархсан байна.
Эдгээрээс Дэлгэр мөрөн, Хөг, Гунай, Бүсийн гол гэх мэт томоохон голууд эх аван
урсдаг. Голын хөндий дагуу, нуурын эрэг орчмоор нилээд намагжсан байдаг. Энэ
нутагт зэрлэг цаа, хандгай, халиу, суусар зэрэг амьтад бий.
*
Тужийн нарс
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ
аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг
хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га
талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн
ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их
тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог. Тужийн
нарс нь тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой бөгөөд эгэл нарс зонхилон
ургана. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ
мэдрэгдэхгүй байсан гэгддэг энэ нарсан ой устаж мөхөхийн ирмэгт ирсэн нь саяхан
билээ. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн
сэргээх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд
авсан. Тужийн нарс байгалийн цогцолбор газрын
нутаг нь Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод
бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам
хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархсан байдаг.
*
Орхоны хөндий
Орхоны хөндий нь археологийн болон
түүх соёлын олдвороор нэн баялаг бөгөөд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар
балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд зэрэг түүх
соёлын дурсгалт газрууд оршиж байдаг. Ийнхүү олон зуун жилийн турш Азийн соёлын
ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр
оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос "дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг
зэрэглэлээр Орхоны хөндийд буй Эрдэнэзуу хийд, Хархорум хотын туурь, Төвхөн
хийд зэргийг 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай
хамгаалалтанд орсон билээ. Орхоны хөндийн түүх соёлын өвүүд нь Орхон голоо
даган байрлаж байдаг. Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн байгаль орчныг
онгон төрхөөр нь хамгаалах, тус бүс нутагт эдийн засгийн үйл ажиллагааг
зохицуулах, газарзүйн онцлогт нь тохируулан шинэ дэд бүтэцийг хөгжүүлэх зорилгоор
Байгаль орчны сайдын тушаалаар 2006 онд хамгаалалтын захиргааг байгуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байршуулжээ. Энэхүү хамгаалалтын захиргаа нь Орхоны хөндий
орчмын нутаг, Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна. Гадаргын хувьд Орхон Сэлэнгийн сав газрын бэсрэг уулс,
Орхон голын өргөн хөндий гэсэн хоёр хэсгээс тогтоно. Нутгийн гадаргын зонхилох
хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүний
цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд
эзэлнэ. Уулсын хувьд 2377 метр өндөр Хутаг уул, 2312 метр өндөр Өндөр овоот,
2227 метр өндөр Шивээт улаан, 1863 метр өндөр Их бэрх, 1646 метр өндөр Их арцат
уулс оршдог. Орхон голын сав дагуу Хангайн нурууны зүүн урд үзүүрийн өндөр
уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндийн нуга, хуурай хээр гэсэн
байгалийн олон янзын төрх байдал хосолсон байдаг.
*
Мөнххайрхан уул
Төв Азийн цөлийн нөлөөнд орших
хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр
уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их
нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр
хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн
горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26
дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Хамгаалалтын захиргаа
нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг. Мөнххайрхан уул, түүний орчмын
газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын
хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн
урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362
метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил
болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино. Монгол
Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан
уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас
бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц
хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч
зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.
*
Горхи тэрэлж
Улаанбаатараас
зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо
өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи,
Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь
далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн
бөмбөгөр оройтой, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх
авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм. Хурдасын хувьд боржин, шүлтлэг боржин,
цахиурлаг занар, хас, нүүрчтөрөгчит шаварлаг занар, элсэн чулуу зэргээс тогтдог.
Хар хүрэн, хүрэн хөрс, ойн саарал хөрс тус тус тархжээ. Голын хөндийгөөр нам
газрын бараан хөрс зонхилно. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн
хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс
бүхий байгал эхийн урласан бүтээлүүд бий. Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам
болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Энэ бүс нутгийн хойд
захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл
Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны
түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн
түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс
олдсон олдворууд юм. Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал
жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна
хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд
байрладаг.