Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.
Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг Дэл элсний зүүн хэсгийг хамарна. 177 500 га талбайтай. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг уст гол горхи, булаг шанд, баян бүрдүүд, элсний нүүлт зэрэг нь гадны нөлөөнд автагдаагүй унаган байгалийг нь хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуурын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна.