Нөмрөгийн дархан цаазат газарт Монгол орны өөр хаана ч байхгүй Хар мөрний хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл байхаас гадна зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээрээ орж ирэх тохиолдол байна. Бусад амьтны хувьд Хар мөрний цагираг могой, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтан хэвлээр явагчид байдаг. Монгол орны өөр хаана ч байхгүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа тархсан байна. Мөн Дорнын заар эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж тархсан байдаг. Нөмрөг, Халх голын сав нутгаар Алтан гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, Амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, 6 зүйлийн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор зэрэг нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүс нутагт өндөглөн зусдаг байна. Гурван голын бэлчирт улаан далбаат, морин загас, үлгэр загас, булуу цагаан, мөнгөлөг хэлтэг, амар мөрний цурхай, цулбуурт, тул зэрэг 34 зүйлийн загас байдаг. Энэ бүс нутагт 70 зүйлийн 487 зүйл ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй гэгдэх Валерийн тарна, мөн Төв Азийн унаган 10 зүйлийн ургамал байдаг. Цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд мөн тааралдана.