Main » 2012 » 7-р сар » 28 » Н.Батсуурь:Байгаль хамгаалах ажил цоо шинэ шатанд гарч байна
12:11 PM
Н.Батсуурь:Байгаль хамгаалах ажил цоо шинэ шатанд гарч байна


БОАЖ-ын салбарын бодлогын шинэчлэл болон бусад цаг үеийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурьтай ярилцлаа. 
- Байгаль орчны багц хууль батлагдлаа. Багц хуулийн хамгийн гол шинэчлэлт юу вэ? 
- Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах ажлын хүрээнд тус салбарт мөрдөгдөж байгаа 18 хуулийг нэгтгэн 8 хууль болгож, шинээр 2 хуулийг Улсын Их Хурлын 2012 оны хаврын чуулганаар хэлэлцүүлж батлууллаа. Шинээр боловсруулан батлуулсан хоёр хууль нь "Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль", "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль" юм. Эдгээр багц хууль батлагдсанаар байгаль хамгаалах ажил цоо шинэ шатанд гарч байна. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчны менежмент хийх, иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны стратегийн үнэлгээ болон аудитын тогтолцоог шинээр нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн хөгжлийн үндсийг тавьсан эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Одоо хэрэгжүүлэх ажил бидний өмнө байгаа учир Байгаль орчны багц хуулийг сурталчлах, олон нийтэд танилцуулах, ойлгуулах, хэрэгжүүлэх чиглэлээр сурталчлах тусгай төлөвлөгөө гаргаад байна.
Байгаль орчны салбарын голлох суурь хуулиуд 1990-ээд оны дундуур батлагдаж, түүнээс хойшхи хугацаанд бодлогын дорвитой өөрчлөлт ороогүй байсан юм. Өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн 30 гаруй хуулиар байгаль орчин хамгааллын бүх хариуцлагыг төр дангаараа үүрч байв. Энэ зохицуулалтыг өөрчилж, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх, ашиглагч нь хамгаалагч байх суурь зарчимд үндэслэн салбарын хуулиа багцаар нь шинэчлэх ажлыг БОАЖЯ 2008 оноос хойш хийсэн. Цаашлаад оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчныг хариуцан хамгаалдаг, байгаль орчныхоо нөөцийг ашиглаж, эзэмшдэг, ажлын байр бий болгож, орлогын нэмэгдэл эх үүсвэрийг ард иргэд хүртэх зарчимд шилжүүллээ. Мөн энэ багц хуулиар байгаль орчинд бохирдол доройтол үүсэхэд хариуцах тодорхой эзэнтэй буюу төр, орон нутгийн засаг дарга нар сүйтгэгчидтэй хариуцлага тооцох механизм бүрдсэн.Байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчныг сууриар нь шинэчилсэн нь хөгжлийн гараан дээр байгаа Монгол орны хувьд нөөц байгалийн баялгаа зөв хуваарилах, иргэд эрх тэгш боломж хүртэх, ирээдүй хойч үеийнхний амьдралын баталгааг хангахын тулд өнөөдрийн хариуцлагыг оролцогч талууд бүрэн хүлээх гэх мэт суурь асуудлуудыг төнөөгийн нийгэм-эдийн засгийн харилцаанд зохицуулан тодорхой шийдвэрлэсэн юм.
-Өмнө нь төр дангаараа үүрч байсан хариуцлагын тогтолцоог өөрчилсөн гэлээ. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү? Ялангуяа хөдөөгийн иргэдэд энэ хуулийн үйлчлэл ямар нөлөө үзүүлэх бол?
- Байгаль хамгаалах асуудал дан ганц төрийн үүрэг бус тухайн орон нутгийн засаг захиргаа, иргэн, аж ахуйн үүрэг. Тиймээс тэдгээрийн хариуцлагыг чангалах шаардлага хурцаар тавигдаж байгаа шүү дээ. Шинэ хуулиар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог маш тодорхой болгож өглөө. Байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ амьдрал ахуйгаа сайжруулах, хөрөнгийн эх үүсвэр нэмэгдүүлэхийн тулд зохистой ашиглах, орчныг бохирдуулахгүй нөхөн сэргээхийг чухалчилсан. Хэрэв орчныг бохирдуулбал ус болоод байгаль орчин бохирдуулсны нөхөн төлбөр төлнө. Дээр нь захиргааны хариуцлага хүлээнэ. Тиймээс энэ хууль эдийн засгийн хөшүүрэг бүхий хууль болсон юм. Мөн төрийн өмч болсон байгалийн баялагийн халдашгүй байдлыг хангахад бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын үүргийг тодорхойлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Дөрвөн жилд хууль бусаар байгалийн баялаг олборлож, ухаж төнхвөл Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тэгээгүй тохиолдолд тухайн Засаг дарга хариуцлага хүлээх боллоо. Нөгөөтэйгүүр иргэн, төрийн бус байгууллага, байгаль орчин бохирдуулж доройтуулсан, хууль бус ашигласан бол тухайн иргэн байгууллагыг шүүхэд өгөх эрх нь нээгдсэн. Байгаль хамгаалах тухай хуульд орсон гол нэмэлт нь хөдөөгийн иргэд оршин суугаа газар нутгийнхаа байгалийн баялгийг тодорхой нөхцөлтэйгээр хариуцан хамгаалахад чиглэсэн. Орон нутгийн иргэд нутаг нугаараа нэгдээд иргэдийн нөхөрлөл байгуулж, энэ нэгдлийн хүчээр газар нутгаа хариуцан хамгаалах боломжийг илүү бүрдүүлсэн. Жишээлбэл, тэдэнд оршин суугаа нутгийнх нь байгалийн нөөц баялаг бүрийг ширхэглэн тоолж хүлээлгэн өгнө. Тэгээд оршин суугаа нутагтаа түймэр гаргаж болохгүй, байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж болохгүй, орчныг бохирдуулан доройтуулж болохгүй гэсэн хариуцлагыг гэрээгээр хүлээлгэнэ. Ингэж байгалиа хамгаалснаар өөрсдөд нь амьдрах нөхцөлийн давуу боломжууд, байгалийн баялгаа ашиглах бололцоо олгогдох юм. Энэ механизмаар байгалийг хариуцан хамгаалаад зогсохгүй тэр нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийг ашиглаж эзэмших бололцоотойг зохицуулсан. Гэхдээ нөгөө талд нь хариуцлагын асар өндөр тогтолцоог хуульчилсан. Жишээлбэл, та хэрэв хулгайгаар мод бэлтгэвэл ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэсэн төлбөр төлнө, түүн дээр ойн санд учруулсан экологи, эдийн засгийн нөхөн төлбөр төлнө, дээр нь захиргааны хариуцлагын хуулийн дагуу торгуулын шийтгэл хүлээнэ гэсэн хуулийн заалтууд орсон. Цаашлаад зарим ой бүхий аймаг, сумдын албан тушаалтан хууль завхруулах явдал түгээмэл байдаг. Тиймээс албан тушаалтанд ногдуулах хариуцлагын тогтолцоог анх удаа энэ хуулиар чангатгалаа. Шат шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төрийн албан хаагч, ажил хариуцсан байгууллага, нэгж хууль зөрчиж байгалийн нөөцийг хууль бусаар бэлтгэвэл өндөр торгууль ногдуулах, цаашлаад, эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрдэх юм. Байгалийн баялаг нь төрийн халдашгүй өмч болж, тэнд иргэдийн оролцоог оруулж ирж байгаа нь манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөн оронд тохирох хамгаалалтын арга гэж үзэж байна.
- Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай Конвенц буюу Аархусын конвенцид нэгдэн орох талаар ярьж байгаа. Үүний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ? 
- Аархусын конвенцийн гол зорилго нь байгаль орчны асуудлын шийдвэрлэлд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн нээлттэй байдал бий болгох, мөн хууль зүйн шударга байдалд хүрэх боломжийг олгох явдал юм. Энэ конвенцид нэгдсэнээр байгаль хамгааллын гол түлхүүр болсон хуулийн хариуцлага тооцох боломж, бас ард иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Иргэдийн оролцоо болон нээлттэй байдал улс орны ардчиллын томоохон шалгуур үзүүлэлт юм.
-БОАЖЯ-наас 2011 оныг "Усны жил” болгон зарлаж, энэ салбарт шийдэл хүлээсэн олон чухал асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэсэн. Тэр дундаас усны нөөц, үнэлгээ, хэрэглээ, төлбөр, хамгаалалт гэх мэт олон асуудалд яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна?
- 2011 онд усны тооллогыг мэргэжлийн байгууллагын удирдлага дор аймаг орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон МБОИЗ-ийн төлөөллүүдийн оролцоотойгоор орон даяар зохион байгуулсан. Тооллогын дүнг 2007 онтой харьцуулахад нааштай дүн гарсан. Тухайлбал, хатаж ширгэсэн гол горхи, булаг шандын 20 гаруй хувь нь буцаж сэргэсэн ерөнхий дүн харагдаж байна. 2011 оны тооллогоор Монголд анх удаа хүний хүчин зүйлээр бий болсон 1.0 тэрбум орчим шоо метр устай нуур шинээр бүртгэгдсэн. Энэ нь Тайширын усан цахилгаан станц. Уг нуурыг нутгийн иргэд "Гэгээн” нуур гэж нэрлэн, түүнийг нь орон нутгийн иргэдийн хурлаар баталгаажуулж, улсын тооллогод бүртгүүлсэн байна лээ. Нидерландын Вант улсын буцалтгүй тусламжаар сүүлийн таван жилийн хугацаанд хэрэгжиж байгаа "Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл энэ ондоо багтаан Засгийн газарт Монгол орны Усны менежментийн төлөвлөгөөг өргөн барьж батлуулах учиртай. Энэ төслийн хүрээнд зөвхөн менежментийн төлөвлөгөө боловсруулаад зогсохгүй төр, олон нийтийн болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагч, оюутан сурагчдыг мэргэшүүлж, дадлагажуулах арга хэмжээ давхар хийгдэж байна.Усны нөөц, үнэлгээ, хэрэглээ, төлбөрийн талаар саяхан УИХ-аар батлагдсан Байгаль орчны багц хуулийн хүрээнд Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Усны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг шинээр болон шинэчлэн найруулж батлуулсан. Мөн МБОИЗ-ийн идэвхтэй оролцоотойгоор 2009 онд УИХ-аар батлагдсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг хангах талаар БОАЖЯ өөрт хамаарах асуудлыг иж бүрэн гүйцэтгэсэн.
- Туул голыг хариуцан хамгаалах сав газрын зөвлөл байгуулах ажлын явц аль шатанд явна вэ?
- Дээр дурьдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар усны сав газрын захиргаадыг шинээр бий болгохоор хуульчилсан. Сав газрын захиргаад засаг захиргааны нэгжээс ангид байгуулагдах ба удирдлага, хяналтад төрийн болон олон нийтийн байгууллагууд тэгш эрхтэйгээр харилцан хамааралтайгаар ажиллана. Үүнийг Туул голын сав газарт анхлан хийхээр төлөвлөөд байна. Туул голын асуудлыг зөвхөн Улаанбаатар хотын ус хангамж, Заамарын алтны ордын ус хангамж гэлгүйгээр сав газрын хэмжээнд, нөөцтэй нь уялдуулан ашиглалтын үйл ажиллагааг цогцоор шийдвэрлэх учиртай. 
- Сүүлийн үед "Ногоон эдийн засаг” гэдэг ойлголт, нэр томъёо улс орны хөгжлийн бодлогын түвшинд ихээхэн хэрэглэгдэх боллоо. БОАЖЯ-наас энэ чиглэлээр ямар алхмууд авч хэрэгжүүлж байна вэ?
- Дэлхийн улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь аливаа нөөцийг үр ашигтай зарцуулдаг, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжсэн, нийгмийн ялгааг арилгахын төлөө эдийн засгийн тогтолцоог цогцлон бий болгоход илүүтэйгээр чиглэж байна. Хөгжлийн ийм загвар бий болгох зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс "Ногоон эдийн засаг”-ийн үзэл баримтлал дэвшүүлснийг дэлхий нийтээрээ дэмжиж, өөрийн орны эдийн засгийн чадавхи, нийгмийн хөгжлийн онцлогт тохирсон ногоон эдийн засгийг сонгож хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглээд байна. Ногоон эдийн засгийг дэлхий нийтээрээ дэмжиж буй өнөө үед өөрийн орны эдийн засгийн чадавхи, нийгмийн хөгжлийн онцлогт тохирсон ногоон эдийн засгийн хөгжлийг сонгож, олон талт оролцоог дэмжсэн, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах бүхий л давхарга, салбарыг хамарсан бодлогыг тодорхойлж үйл ажиллагаа явуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал шаардлагатай болоод байна. Иймд ногоон эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд "Ногоон эдийн засгийн үндэсний стратеги”-ийн төслийг БОАЖЯ-наас боловсруулж, эрдэмтэн судлаачид, холбогдох салбар яам, агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хурлаар хэлэлцүүлээд байна. Мөн "Ногоон эдийн засгийн хөгжлийн цар хүрээг тогтоох, эдийн засгийн гол салбаруудын ногоон эдийн засагт шилжих боломжийн талаар судалгаа хийх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, санал боловсруулах ажлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран зохион байгуулж байна.
-"Ногоон эдийн засаг”-ийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэхээр НҮБ-ын гишүүн орны удирдлагууд Рио де Жанейрод цугларч, Тогтвортой хөгжлийг хангаж, ядуурлыг бууруулахад ногоон эдийн засгийг яаж ашиглах вэ гэсэн сэдвээр энэ өдрүүдэд ярилцаж байна. Энэ уулзалтаар талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Тийм ээ, ногоон эдийн засгийг дэмжихийг уриалж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2012 оны 6 дугаар сарын 12-22-ны хооронд Холбооны бүгд найрамдах Бразил улсын Рио де Жанеро хотод тогтвортой хөгжлийн асуудлаарх "Рио+20” бага хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Чуулга уулзалтаар "Тогтвортой хөгжил, ядуурлыг арилгах хүрээний ногоон эдийн засаг”, "Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал, бүтэц зохион байгуулалт” гэсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Чуулга уулзалтаар 1992 оны Рио-гоос баталсан "Байгаль орчин-Хөгжил” тунхаглал, 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр, 2002 оны Иоханнесбургийн "Тогтвортой хөгжил”-ийн тунхаглал зэрэг үйл ажиллагааны хөтөлбөрүүд, тогтвортой хөгжлийн зарчмуудын хэрэгжилтийн үр дүнд дүгнэлт хийх, цаашид дэлхийн хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлох "Ногоон эдийн засаг” олон улсын бодлогын баримт бичгийг хэлэлцэх, батлах зэрэг ажлыг зохион байгуулсан.
Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын "Рио+20” бага хурлын төгсгөлийн баримт бичгийн анхны төслийн үр дүнг хэлэлцэх албан бус хэлэлцүүлэг энэ оны 3 дугаар сараас эхлэн 5 дугаар сар хүртэл 130 гаруй орны мэргэжлийн шинжээчид, удирдах ажилтан, Сайд нарын хэмжээнд явагдлаа. Монгол Улсын Засгийн ч мөн газар ногоон эдийн засаг болон байгаль орчны хүрээнд оруулах саналаа НҮБ-ын төлөөлөгчийн газарт хүргүүлж, 77–гийн бүлгээр хэлэлцүүлэн, Ногоон эдийн засгийн бодлогын баримт бичигт тусгуулсан. "Рио+20” бага хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон стратегийн хэрэгжилт, тогтвортой хөгжлийн үндэсний тайланг хэлэлцүүлэх зорилгоор энэ оны 2 дугаар сард "Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал” үндэсний чуулган, 3 дугаар сард "Хүний хөгжил” уулзалтыг тус тус зохион байгуулсан. Өндөр хөгжилтэй орон болон хөгжиж буй орнуудын эрх ашиг, үзэл бодлын зөрчилдөөний улмаас төгсгөлийн баримт бичгийн зарим заалтыг 77-гийн бүлгээр дахин хэлэлцүүлэх ажлыг НҮБ-аас зохион байгуулж байна.
"Рио+20” бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлж, Засгийн газрын ажлын хэсгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн оролцож, Монгол Улсаас тогтвортой хөгжлийг хангах талаар өнгөрсөн 20 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, олсон амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар тайлагнах, илтгэл тавих, 1992 оноос хойшхи тогтвортой хөгжлийн түүхийг харуулсан баримтат кино үзүүлэх, Монгол Улсаас олон улсын хамтын нийгэмлэгт дэвшүүлж буй саналыг улс орнуудад таниулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн олон улсын хэмжээнд хэрэгжих "Gobi Tech & Asia super grid” зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг олон улсад сурталчлах, дэмжлэг авах зорилго бүхий сэдэвчилсэн арга хэмжээг 2012 оны 6 дугаар сарын 21-нд зохион байгуулсан. 
- "Рио+20” бага хурлын цар хүрээ, чиглэл зорилго болон Монгол Улсын оролцооны талаар дэлгэрүүлбэл? 
- Рио де Жанейро хотод 1992 онд болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаас "Хүрээлэн буй орчин ба хөгжлийн талаар тунхаглал” гаргаж байсан. Энэ тунхаглалын 20 жилийн ойг тохиолдуулан "Рио+20” НҮБ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар товлосон нь энэ жилийн бага хурал юм. Энэ товынхоо дагуу НҮБ-ын гишүүн орны удирдлагууд Рио де Жанейрод цугларч, Тогтвортой хөгжлийг хангаж, ядуурлыг бууруулахад ногоон эдийн засгийг ашиглах талаар энэ өдрүүдэд ярилцаж байгааг өмнө хэлсэн. НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас олон улсын тогтвортой хөгжлийн анхны "Хүн төрөлхтөн-Байгаль орчин” чуулга уулзалтыг 1972 онд Стокхолм хотноо зохион байгуулж, олон улсад баримтлах хүрээлэн буй орчны ба хөгжлийн 26 зарчим, тогтвортой хөгжлийн тунхаглал баталсан байдаг. 1992 онд ХБНБУ-ын Рио де Жанейро хотод хуралдсан НҮБ-ын Рио-гийн "Байгаль орчин-Хөгжил” Даян дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой хөгжлийн түүхэн шийдвэрт анх удаа нэгдэн орсон түүхтэй. Рио-гийн бага хурлаас (UNCED) баталсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн 1995 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөл байгуулж, (Засгийн газрын 2009 оны 82 дугаар тогтоолоор шинэчлэн өөрчилсөн) Монгол Улсын Ерөнхий сайд удирдан ажиллаж байлаа. Энэ зөвлөлийн ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын 21 зууны тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын 1998 оны 82 дугаар тогтоолоор сайшаан хэрэгжүүлж байна.
Дараа нь 2002 онд Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчид оролцон үг хэлж, Рио-гоос хойшхи 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжилд хүрсэн амжилтаа дүгнэн, цаашид дэлхийн хүн төрөлхтөн хөгжлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой хөгжлийн тунхаглалыг батлахад оролцсон байдаг. 
- БОАЖЯ-наас жил бүр "Байгаль хамгаалах хавар, намрын аян” зохион байгуулдаг. Энэ хаврын аян өндөрлөж байгааг саяхан мэдээлж байсан. Аяны хүрээнд зохион байгуулсан ажлууд, түүний үр дүнгийн талаар дүгнэж хэлбэл?
- Байгаль хамгаалах хаврын сарын аяныг энэ жил "Эрүүл аюулгүй орчин” уриан дор "Цэвэр орчин бидний ирээдүй”, "Ногоон байгаль бидний ирээдүй”, "Ус ба хүнсний аюулгүй байдал”, Экологийн хямралыг бууруулахад бидний оролцоо” гэсэн сэдвүүдээр 2012 оны 3 сарын 17-оос 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулж, нийт 26 арга хэмжээг хэрэгжүүллээ.Аяны хугацаанд манай салбарт бодлогын олон шийдвэр гарсан. "Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г баталж, ой хамгаалал, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг батлуулсан. Гэр хорооллын өрхийн усан хангамжийг нэмэгдүүлэх шийдэлд хүрлээ. "Хатан Туул” дэд хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар батлуулав. Ил задгай овоолсон хог хаягдлын талаарх мэдээллийг иргэд, оршин суугчдаас хүлээн авах тусгай утас ажиллуулж, хог хаягдлыг тээвэрлэх, цэвэрлэх ажлыг хугацаанд нь зохион байгуулахгүй байгаа Тохижилт үйлчилгээний компаниудын гэрээг цуцлуулах асуудлыг тавьж шийдвэрлүүлж байхаар зохицуулалт хийж байна. Өмнийн говийн уул уурхай, тээврийн талаар арга хэмжээ авлаа. 
Эдгээрээс гадна санал солилцох, нэгдсэн үзэл бодолд хүрэх чиглэлээр олон удаагийн уулзалт, чуулган зэргийг зохион байгууллаа. Аяны хүрээнд Төрийн ордонд Аялал жуулчлалын үндэсний чуулган, 1000 хүүхдийн чуулга уулзалт, "Ус ба хүнсний аюулгүй байдал" уриан дор "Ус-хүний эрх” хэлэлцүүлэг, "Улаанбаатар хотын гэр хорооллын Ус ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн шийдэл” чуулган, "Усгүй урсгал” үзэсгэлэн, "Ус ба хүүхэд” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, "Бүгдээрээ аав ээжээ хайрладаг шиг усаа хайрлацгаая” уриалга гаргасан. Мөн "Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь” сэдэвт эссе нийтлэлийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 7-11-р ангиудын дунд зарласан шалгарууллаа. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран "Хөрсний бохирдлыг бууруулахад шинэ дэвшилтэт технологи дамжуулалт”, "Ус ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлууд, Хараа голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.НҮБ-ын "Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хамтарсан хөтөлбөр”-өөс Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Ховд аймгуудын сумдад 2012 онд хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, оролцоог хангах нь”, "Мод яаж тарих вэ”, "Байгаль орчныг хамгаалахад зэвсэгт хүчний оролцоо” сэдэвт сургалтуудыг Улаанбаатар хот, хөдөө орон нутагт зохион байгуулсан. БНСУ-ын Жансон хотод Монгол Улсын газар тариалангийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан тэргүүлэх зэргийн газар тариалангийн технологийн сургалтад Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Төв, Булган, Дундговь аймаг болон Усны газрын төлөөлөл 23 хүн оролцоод ирсэн.Түүнчлэн, БОАЖЯ-ны дэргэдэх "Цэвэр агаарын сан”-гийн санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд байгаа эзэнгүй хур хог хаягдлыг цэвэрлүүллээ. Усны газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Туул голын сав газрын зөвлөл, Тунгаа төв ТББ, Оюутны холбоо, We love хөдөлгөөн, Солонгосын сайн дурын байгууллага, дүүргүүдийн хот тохижилтын компаниудтай хамтран Туул, Сэлбэ, Дунд голын голдролын ай савын цэвэрлэгээ тохижилт, бүх нийтийн их цэвэрлэгээг олон нийтийн болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Зуслангийн ногоон бүсэд 30 ширхэг хогийн цэг, нийтийн бие засах 15 газрыг байгуулах ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээр мод тарих өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Монгол-Солонгосын Ногоон хэрэм, МБОИЗ–тэй хамтран "Ойжуулалт-2012” тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг МҮЭСТ-д гаргаж, энэ арга хэмжээнд 62 аж ахуйн нэгж, 10 мянга гаруй хүн хамрагдлаа. Мод тарих, арчлан ургуулах тухай аргачлал, гарын авлага, зөвлөмж, хэвлэмэл хуудас, зөвлөмж зэргийг бэлтгэн хэвлүүлж иргэд, орон нутгийн БОАЖГ-уудад хүргүүллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-13 тоот тушаалын дагуу, говь, тал, хээрийн тариалангийн бүс нутаг болох Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт нийт 250 га талбайд тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах хуваарийг Ойн газрын даргын А-3 тоот тушаалаар батлав. Тушаалын дагуу тухайн аймгийн БОАЖГ-ууд орон нутагтаа тендер зарлаж, улсын төсвийн хөрөнгөөр ойн зурвас байгуулах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнээс гадна ХХААХҮЯ Канад улстай хамтран "Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэгчдийн талбайд ойн зурвас байгуулах сургалт хийх” төслийг энэ онд хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.
- Байгаль хамгаалах асуудалд бүх нийтийн экологийн боловсрол чухлаар тавигддаг. Энэ тал дээр хэрэгжүүлж буй ажлын тухайд, тэр дундаа иргэний нийгмийн байгууллагуудыг энэ ажилд оролцуулах тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
- Монголчууд хүн байгалийн хүйн холбоог танин мэдэж, харилцан шүтэлцээтэй амьдарч, хууль цаазын баялаг өв уламжлал бий болгон төрийн бодлогоор зохицуулж ирсэн түүхэн замналтай улс. Түүнийг залуу үедээ өвлүүлэх, өнөөгийн шинэ нөхцөлд бүтээлчээр хэрэгжүүлэх асуудал хойшлуулшгүй зорилт болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд "Экологийн боловсрол, хүмүүжил” гэсэн тусгай бүлэг бий. Түүнд Засгийн газар албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил, байгаль орчныг хамгаалах арга, дадал олгох хөтөлбөр баталж, биелэлтийг зохион байгуулна” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу Засгийн газрын 1997 оны 255 тоот тогтоолоор "Бүх нийтийн экологийн боловсрол хөтөлбөр" батлагдан, 1998-2005 онд хэрэгжиж дууссан. Засгийн газрын 2006 оны 8 сарын сарын 23-ны өдрийн хуралдаанаар тус хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүд сайн хэрэгжсэн гэж дүгнэсэн. Мөн НҮБ "Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил”-ийг 2005-2014 онд хэрэгжүүлэхээр зарлаж, улс орнууд үндэсний түвшинд суурь боловсролын чанарыг сайжруулах, бүх нийтийн сургалт сурталчилгаа явуулах зэргийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон тодорхойлсон. Тиймээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэн, "Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр"-ийн 2 дахь үе шатны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажилд холбогдох төрийн бус байгууллагуудыг өргөн оролцуулж байгаа.
-БОАЖЯ-наас салбарын иргэний нийгмийн байгууллагуудаа ихэд дэмжиж, үлгэр жишээчээр хамтран ажилладаг. Энэ жилийн хувьд ямар ажлуудад иргэний нийгмийнхнийхээ хүчийг оролцуулж байна? Ажлын үр дүн хэр байна? 
- БОАЖЯ-ны санаачилгаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 шахам ТББ-ын хүчийг нэгтгэн "Монголын байгаль орчны иргэний зөвлөл” (МБОИЗ)-ийг 2008 онд байгуулсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд салбарынхаа яамтай нягт хамтран ажилласаны хүчинд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш буюу 20 жилийн хугацаанд байгаль эх, газар шороогоо өөрсдийн арга хэлбэрээр хамгаалж, олон талд салангид байдлаар ажиллаж ирсэн дээрх ТББ-уудын БОАЖЯ болон бусад төрийн байгууллагад нэгдсэн хүчээр хяналт тавьж, хамтран ажиллаж, илүү хүчтэй байдлаар нөлөөлөх бүхий л бололцоог хуульчлан баталгаажуулж чадсан амжилтыг гаргаад байна. Төрийн болон иргэнийн нийгмийн байгууллага хүчээ нэгтгэсэн, мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд бусад төрийн байгууллагаас анхлан оруулж ирсэн үлгэр жишээ энэ зохион байгуулалт нь салбарын иргэний нийгмийн байгууллагуудын талархлыг хүлээж, олон талт идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлсээр байна.БОАЖЯ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд байгаль орчны ТББ-уудын улсын зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, МБОИЗ-тэй жил тутам хамтын ажиллагааны гэрээ байгуулж амжилттай хэрэгжүүлж ирлээ. Энэ онд 37 ажлыг ТББ-уудаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд тусгаж, түүнийг хэрэгжүүлэх ажилтнуудыг 2 талаас ажил нэг бүрээр томилон хариуцууллаа. Одоогоор 10 ажил хэрэгжих шатандаа, 6 ажил гэрээ байгуулах шатандаа, 9 ажил хугацаа болоогүй хүлээгдэж байна. Хугацаа нь болсон боловч эхлээгүй байгаа 12 ажил байна. Үүнийг зөвхөн яам дангаараа санаачлан хэрэгжүүлнэ гэсэн үг биш гэдэг нь ойлгомжтой. 
-Монгол Улсад байгаль орчны чиглэлд Засгийн газрын болон олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаатай төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн уялдаж байна вэ?
- Төрийн бус байгууллагууд байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа жижиг төслүүдийн гол хэрэгжүүлэгчид. Гадаад орон, олон улсын байгууллагуудаас бүс нутгуудад хэрэгжиж байгаа бүх төсөл орон нутгийн ТББ, аж ахуйн нэгж, иргэдийн нөхөрлөлийг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын байгууллагуудтай хамтран зарласан төслүүдэд 134 ТББ шалгаран байгаль хамгаалах ажлыг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Нидерландын Засгийн газрын санхүүжилтээр БОАЖЯ, Дэлхийн банк, Нээлттэй нийгэм хүрээлэнгээс зарласан "Байгаль орчны шинэчлэл” төсөлд 2009 онд 280,4 сая төгрөгийн санхүүжилт бүхий 35, 2010 онд 360 гаруй сая төгрөгийн 52, 2011 онд 345,1 мян төгрөгийн 36 жижиг төсөл шалгарсны дийлэнхийг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлжээ. Цаашид хэрэгжих төслүүд ч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа тэдний идэвхтэй хэсэг болсон ТББ-уудад түшиглэн хэрэгжих болно. 

- Эцэст нь, иргэд, байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагууддаа хандаж хэлэх таны зөвлөмж? 
- Улс хөгжиж, ардчилал гүнзгийрэх тусам нийгмийн амьдрал дахь төрийн оролцоо буурч, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг нэмэгдэх жамтай. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлж, төрийн байгууллагуудын ачааг хөнгөлөх замаар энэ ажил хэрэгжиж байна. Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн үүрэг функцийг төрийн бус байгууллага гүйцэтгэдэг туршлага ч бий. Манай оронд ч зарим эхлэл тавигдаж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Хустай төв төрийн бус байгууллагууд Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын менежментийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Байгаль орчны ТББ-ууд Монголын иргэний нийгмийн байгууллагуудын түүчээ болж, нийгэмд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад бид талархалтай байдаг юм. Урт нэрт хэмээн алдаршсан ой, усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон хуулийг батлуулах, хэрэгжүүлэх, төрийн зарим албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг илрүүлэн холбогдох арга хэмжээ авахуулах, байгаль орчны зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зарим томоохон хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийн гүйцэтгэлд мониторинг хийж зөрчил дутагдлыг арилгуулах, мод үржүүлэх ойжуулалтын ажил гүйцэтгэх, экологийн сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах зэрэг бодитой ажлуудыг манай ТББ-ууд гүйцэтгэж байна. ТББ-уудын нэр хүнд өсөж, гүйцэтгэсэн ажлын нь үр дүн нийтэд тодорхой харагдахын хэрээр тэдэнд итгэх итгэл гүнзгийрч, төрийн ачааг үүрэх хэмжээ нь нэмэгдэх болно. Манай нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болсон ТББ, тэдгээрт хамрагдаж байгаа мэргэжилтнүүд эх нутгийнхаа онгон дагшин байгалийг хамгаалах буянтай үйлсдээ шинэ шинэ амжилт олж, ардчиллын үнэт зүйлсийг баяжуулах хэрэгт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөж байна. 
Эх сурвалж www.MNE.mn 
Views: 996 | Added by: sukhee | Rating: 1.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  7-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир