Мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, Алтайн жамъяанмядаг, шар болон хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, бамбай, сөд, дэгд зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэг ургадаг. Шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Хасагт хайрхан ууланд буга, аргаль, янгир, ирвэс, суусар, хойлог, ёл, тас гэх мэт дархан цаазат ховор амьтад бий.
Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.