Галбын говийн хэсгээр бударганат, загт бүлгэмдэлтэй. Талархаг газраа баглуурт, мөнгөн хайргат, бор бударганат цөлийн ургамалшилтай. Мөн хотгор дагуу хужир мараалаг байх бөгөөд элсэрхэг хэсгээр заган ой ихтэй. Энэ хэсэгт заган ойн 4-5 томоохон тархац нутаг бий. Хярс, мануул, чоно, үнэг, өмхий хүрэн байхаас гадна агнуурын ач холбогдолтой ногтруу, хахилаг элбэг байдаг. Монголын зэрлэг адуу хулангийн 50% нь энэ нутагт байршин нутагладаг.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг нь Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэр болох бөгөөд Тэнгэр нуур, Сүүж уулын бүсийн Баруун цагаан толгой, Зүүн цагаан дэл, Модон шанд зэрэг 7 газарт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэн алт олборлож байсан хууль бус үйл ажиллагааг зогсоож 2007 онд 32 тээрмийг хурааж, 100 гаруй гэрийг нүүлгэн шилжүүлж, 200 гаруй машин 700 гаруй иргэдийг тарааж 25 га талбайд газар шорооны ажил гүйцэтгэн 8.9 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийжээ. Ийнхүү хууль бус үйл ажиллагааг зогсоосноор дайжаад байсан ховор амьтад эргэн ирж нутагшиж байна.