Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг.
54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог. 588 зүйл ургамал ургадаг.
Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин чигээр "Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.